Wednesday, August 3, 2016

Таны амьдралыг үндсээр нь өөрчилсөн тохиолдол юу байсан бэ?

1986 онд, би амьдралд минь хамгийн их нөлөө үзүүлсэн хүнтэй хамт ажилладаг байлаа. Нэрийг нь Билл гэдэг, манай компаний борлуулагч нарын нэг. Гэхдээ зүгээр ч нэг борлуулагч биш №1 борлуулагч нь байсан юм. 190см өндөр, баатар шиг биетэй, гал улаан үс, ногоон нүдтэй, үргэлж албаны хувцасладаг хүн байлаа. Хичнээн ажил ихтэй, оройн цагаар сууж ажиллаж байсан ч, ядаж нэг удаа "зангиагаа сулласан" байхыг нь хараагүй юм.

Хаа ч очсон тэр газрынхаа эзэн нь юм шиг л том том алхлан явж ордог, замд нь байгаа ямар ч хүн зай тавьж өгдөг, ярьсан яриаг нь бүгд анхааралтай сонсдог нэгэн байлаа. Бас тэр захиралтай ч, надтай ч, хамтран ажиллагсадтайгаа ч, тэр ч бүү хэл цайны газрын зөөгчтэй ч яг ижилхэн үргэлж инээмсэглэсэн найрсаг харьцдаг байсан юм. Миний л амьдралдаа харсан хүмүүсээс хамгийн гоё хандлага, харьцаатай хүн байсан юм. Түүний мэндийг мэдэж “сайн байна уу?” гэж асуух болгонд "гайхалтай сайн байна, үүнээс дээр байсангүй." гэж хариулдаг байлаа. Бүр чин сэтгэлээсээ шүү...

Нэг өдөр тэр хүүхдийнхээ талаар маш муу мэдээ аваад хэдэн өдөр ажилдаа ирсэнгүй. Хэд хоногийн дараа, зангиагаа хоолойндоо тултал татаж, нүүр дүүрэн инээмсэглэлтэй, гар цүнхээ барьсаар том том алхлан орж ирэв. Тухайн үед бүгд л түүнтэй найз байхыг хүсдэг байсан ч, ойр ажилладгийн хувьд би өөрийгөө илүү дотно найз нь гэж боддог байлаа. Тийм ч учраас тэр өглөө би түүний өрөөнд ороод хаалгыг хаангаа, "За, сайн уу хө? Яажшуухан байна? Миний хийж чадах зүйл байна уу? Юу ч байсан хамаагүй зүгээр л хэлэхэд болно шүү." гэлээ. Өөдөөс минь шүдээ ярзайлган, "Гайхалтай сайхан байна, үүнээс дээр байсангүй." гээд хоосорсон нэг удаагийн кофены аягаа хогийн сав руу шидэв. Би хэсэг зогсож байгаад, "Яагаад? Яаж та ийм цоглог байж чадаж байна аа? Яаж одоо байгаа чинь өмнөхөөсөө илүү сайхан байдаг юм?" гэлээ.

Нүүрэндэх инээмсэглэл нь тэр дороо арилж, ширээн дээрээ тохойлдон урагш бөхийж надруу хуруугаараа чичилж байгаад... (Тэгэхэд тэр маш их ууртай харагдаж байлаа, би түүнийг уурлаж байхыг нь огт хараагүй байсан болоод тухайн үед эргэж хараад зугтчихмаар л байлаа)

"За чи намайг сонс, сайн сонс. Чи миний талаар болон миний амьдралын талаар үнэндээ юу ч мэдэхгүй. Чи зүгээр л мэддэг гэж л бодож байгаа. Би чамд нэг юм хэлье, чи харин сайн санаж яваарай. Чиний зан, хандлага чинь үнэндээ авах юм алга. Хамт ажиллагсад чинь яаж тэсч байгааг ойлгохгүй байна. Би лав тэгж тэсч чадахгүй. Чиний хандлага бол чиний бүх юм. Чиний амьдралыг чиглүүлж бүтээдэг зүйл чинь юм. Одоо болж буй бүх зүйл муу байна бүтэхгүй байна гэж бодож байна уу? Чамд л гэж хэлэхэд, бүүр ч муу байж болох л байсан. бүүр долоон дор ч байж болно. Чи одоо энд наад хямдхан цамц зангиатайгаа зогсчихоод, хурал дээр олигтой байсангүй гэж гомдоллож байна уу? Чи гараад бохирын нүх ухаж үзчихээд дараа нь өнөөдрийн энэ хурлаа дүгнээд үзвэл юу гэхүү? Эсвэл чи ажлаасаа халагдаад бохирын нүхэнд амьдарч, хогийн савнаас хоол идснийхээ дараа юу гэж харах бол? Чи үнэндээ юу ч мэдэхгүй байна. Би чамд энийг одоо л, ганцхан удаа л хэлчихье, дахиж энэ талаар ярихгүй, тиймээс сайн сонс, залуу минь. Хэн нэгний 'ямархуу байна' гэсэн асуулт нь ГАНЦХАН л хариулттай. Тэр нь 'ҮҮНЭЭС ДЭЭР БАЙСАНГҮЙ'. Энийг үнэн гэж итгээд л амьдрах хэрэгтэй. Яагаад гэвэл, чамд хичнээн онцгүй байсан ч, байдал тэрнээс чинь долоон дор байж болох л байсан. Тиймээс наад зүүднээсээ сэрээд, хандлагаа өөрчил, ЯГ ОДОО!"

Ингэж хэлээд буцаад сандлаа налаад юу ч болоогүй юм чинь инээмсэглэж эхлэв, би ч зог тусан байсан газраа чимээгүй зогсож байлаа. Хамаг бие маань хөлөрч цамц маань норж байсныг санадаг юм. "Дахиад нэг кофе уумаар санагдчихлаа, чи надтай цуг явах уу? Би даая." гэхээр нь, дагаад явлаа. Тэр юу ч болоогүй юм шиг л байлаа. Харин миний хувьд бүх зүйл өөрчлөгдсөн байсан юм.

Би ч тэр ажилдаа түүний хүссэн шиг байж чадахгүй байгаагаа мэдээд, ажлаасаа гараад өөр ажилд орохоор болов. Өмнөх ажилдаа бараг 10 жил ажиллачихсан байсан болохоор их л тэвдэж байсан юмдаг. Шинэ компанид орох нь их том өөрчлөлт байлаа. Намайг тэр ажил руу анх ороход ресепшн нь инээмсэглэн надаас хэр байгааг минь асуув, Би ч нүүр дүүрэн инээмсэглэн "Үүнээс илүү сайхан байсангүй" гэлээ. Хариуд нь "За тэгвэл сайн байна, та үргэлж ийм байж чадвал энд яг тохирох юм байна" гэв.

Ингээд ажил ч эхэлж, би компани доторх хамгийн сэргэлэн, цоглог хүн нь болов. Би наргианы эзэн, онигооны бай нь байлаа. Гэхдээ тухайн үедээ мэдээгүй ч би дампуурлын ирмэг дээр байгаа компанид орцон байлаа. Компаний байдал муудах тусам миний харьцаа улам л анзаарагдаж байлаа. Хэдий тэдний технологийн талаар юу ч мэддэггүй байсан ч, би их хурдан зэрэг ахидаг байсан юм. Хэсэг хүн цомхотгов, дараа нь бүүр ихийг цомхотгов, дахиад л бүүр ихийг... Гэсэн ч би хамгийн шинэ хүн нь байсан мөртлөө л бүх цомхотголоос мултарч чадаж байлаа. Сүүлдээ гайхаад менежерээсээ яагаад би үлдээд байгааг асуув. Менежер маань,

"Юу л даа, хурал дээр хэнийг цомхотгох талаар ярилцах үед чиний нэр үргэлж хамгийн түрүүнд гарч ирдэг байсан юм. Чи шинэ, бас ямар ч туршлагагүй учраас чамайг явуулах нь зөв сонголт нь байсан л даа. Гэхдээ яг санал хураахад бүгд л чамайг үлдээх хүсэлтэй байлаа. ЧИНИЙ ХАРЬЦАА ХАНДЛАГА ЧИНЬ ҮНЭХЭЭР ЭЕРЭГ БАЙСАН БОЛОХООР БҮГД ЧАМАЙГ ҮЛДЭЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН. Ерөнхий захирал хүртэл, гутарсан таван эксперттэй байснаас ганц цоглог шинековтой байсан нь дээр гэж байсан. Ер нь хүний хандлага л хамгийн чухал нь байгаа юм л даа. Чи санаа зоволтгүй дээ, намайг явахад хүртэл чи энд байсаар л байна..." гэж билээ.

Байдал дордох тусам би ахиж, 18 сарын дотор хэлтсийнхээ ахлах нь болов. Эцэст нь компани авралгүй болж, хуучин менежер маань надад өөр ажил санал болгож би ч саналыг нь авч ажлаасаа гарав. Энэ бүхний эцэст, би ажилдаа амжилттай байхыг хүсч буй ажилтан бүрийн дагах 3 зүйлсийг бодож олсон юм. Энийгээ орсон компани болгоныхоо ханан дээр наадаг байлаа, олон ч хүн энийг хуулж авч байсан юм. Тэд маань:

  • Удирдлагын чинь хувьд: Чиний хамгийн их анхаарах зүйл бол яг дээд талынхаа удирдах албан тушаалтныг л сайхан харагдуулах
  • Компаний чинь хувьд: Чиний хамгийн их анхаарах зүйл бол компаний олох орлогыг ихэсгэх, №2 нь ашгийг нь сайжруулах
  • Өөрийн чинь хувьд: Чиний хамгийн их анхаарах зүйл бол үргэлж, ямар ч эргэлзээгүйгээр, эерэг хандлагатай байх, өөртөө итгэх, амжилттай харагдах. Энэ л чиний карьер болон амьдралыг өөрчлөнө. Өөр ямар ч зүйл, ямар ч боловсрол, ямар ч туршлага мэдлэг чамд үүнээс илүү хэрэг болохгүй. “Эерэг хандлагатай дундаж ажилтан гуньсан 5 экспертээс илүү”. Ямар ч үнээр хамаагүй үргэлж эерэг хандлагатай байснаар л чи амжилтанд хүрэх болно.

Энэ олон жилийн хугацаанд, дээрх 3 дүрмийг баримталж чадсан газар болгондоо би амжилт гаргаж, чадаагүй газар болгондоо ялагдаж шаналж явжээ. Хандлага бол чиний амжилтыг тодорхойлох №1 хүчил зүйл шүү. Байдал яаж ч муу байсан гэсэн, тэрнээс илүү муу байж болох л байсан гэдгийг санаж үргэлж эерэг хандлагатай зөв харьцаатай байгаарай.

Эх хувилбар:
http://qr.ae/RiJsMU